Хүний номын сан
🎓 Оюутан

Өүлэн

2-р курс, Хүний их эмч · АШУҮИС

Хүний их эмчАШУҮИС (MNUMS)15 минДахин сонгоноШинэчилсэн 2026.08.25
Өөрийгөө танилцуулж, эмчийн мэргэжлийг яагаад сонгосоо хэлье.
Намайг Өүлэн гэдэг. Би одоо АШУҮИС-д Хүний Их Эмч мэргэжлээр 2-р дамжаанд суралцаж байна. Бага насанд хүүхдүүдийн л ярьдагаар эмч болно гэж мөрөөддөг байсан. Тэр маань зөвхөн хүүхдийн яриа төдий байгаагүй. Том болохын хэрээр миний амьдралын зорилго болж, эмчийн цагаан халат, чагнуур, хүмүүс, хэрэглэгдэхүүн бүхэн сонирхол татаж явсаар эргэлзэх зүйлгүйгээр мэргэжлээ сонгосон.
Энэ мэргэжилд ямар хүн илүү тохиромжтой гэж боддог вэ?
Бусдыг ойлгодог, бусдын өмнөөс өөрийгөө тавьдаг, бусдын төлөө гэсэн чин сэтгэлтэй байвал их тохиромжтой. Empathy гэдэг зүйл их чухал. Мөн их хор шар хэрэгтэй — шантрах үе олонтой, ачаалал ихтэй байдаг болохоор шарандаа нгож байх хэрэгтэй. Илүү тайван, дотоод тэнцвэрээ олсон хүмүүст тохиромжтой. Олонтойгоо бужигнах дуртай, сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс хэцүүдэх байх.
Суралцах хугацаанд хамгийн хэцүү нь юу байсан бэ?
Их унших, цээжлэх шаардлага. Завсар гарвал уншаад л, цээжлээд л. Судлаж мэдэх зүйл ихтэй. Хичээл дээр тэр том эд эрхтэнийг бүр эд эс, атом молекулын түвшинд судлаад ирэхээр нүдэнд харагдаж гарт баригдахгүй зүйлээ уншаад, цээжлэх шаардлага гарахыг нь бүр төсөөлж ч байгаагүй. Багш нар бүр төсөөлснөөс маш их өөр байсан.
Их сургууль ЕБС-ээс ялгаатай гэж харагдсан уу?
ЕБС-д хүүхдүүдийг нэг ангид хувааж, тухайн нэг ангид л өдөржин хичээл ордог байсан бол Их Сургуульд тогтмол суух анги байхгүй, семинарын хичээлүүд өөр өөр танхимд ордог. Хичээлээс бусад цагаар суух анги танхим ерөөсөө олддоггүй. Хүүхдүүд коридор, шат, кофе шопд л хичээлээ хийдэг. Багш нар 'хийгээгүй бол хий, тэг ингэ' гэж хэлдэггүй, '0' үнэлгээ тавиад л орхино. Явцыг 70%, шалгалтыг 30% гэж тооцож дүн гаргадаг болохоор тасралтгүй хичээн суралцах шаардлага гардаг. Багшийн ярьж байгаа зүйл нь тухайн сэдвийн дөнгөж 10-20 хувь нь л байдаг болохоор үлдсэн 80-90 хувийг өөрөө бие даан уншиж судлах хэрэг гардаг.
Эмчийн мэргэжлийн бодит байдлыг хэрхэн ойлгосон бэ? Кино, номтой ялгаатай юу?
Өмнө нь киногоор л төсөөлдөг байсан. Эмчээр 6 жил сураад төгсчихвөл шууд бүхнийг мэддэг болоод ажлын байранд гараад өндөр цалин аваад, бүх хүн хүндэтгээд, тэдэнд баярлаж амьдардаг л гэж бодсон. Бодит байдал нь 6 жил зөвхөн суурь мэдлэгийг эзэмшээд, цааш дахин нарийн мэргэжлээрээ суралцана. Анагаах ухаан байнга хувьсан өөрчлөгддөг тул шинэ зүйл, шинэ онол, шинэ нээлт, технологуудтай үргэлж уралдаж, тасралтгүй суралцах шаардлага гарна. Мөн байнга л өвдсөн, шаналсан, цухалдсан хүмүүстэй ажилладаг учраас тэнд уур амьсгал тийм ч таатай биш. Цус нөж, цэр бохирдол, янз бүрийн ааш араншинтай үйлчлүүлэгчдийн болон тэдний ар гэрийн стресс бухимдал, уур гомдол, ажлын ядралт, бичиг цаасны ажил... тоочоод байвал асуудал их.
Сонгон суралцах гэж байгаа хүүхдүүд ямар бэлтгэл хийвэл зүгээр гэж зөвлөх вэ?
Хамгийн эхэнд анхны тусламжийн сургалтанд суух. Асрамжийн газар, эсвэл эмнэлэгт сайн дурын ажил хийх. Эмч, эмнэлгийн сэдэвтэй нэлээд кино үзэж, судлахад бас гэмгүй. Бодит орчинг үзээгүй бол романтик төсөөлөл нурна. Ямар нэгэн байдлаар өвдсөн гэмтсэн хүний ар гэрийн хувиар ч болтугай бодит нөхцөл байдал дээр очоод ажлын орчинтой танилцаад үзвэл зүгээр.
ЭЕШ-д ямар хичээлүүдээр өгсөн, хэрхэн бэлдсэн бэ?
Хими, биологи, математик гэсэн хичээлүүдээр ЭЕШ өгсөн. Мэргэжлээ их эрт сонгосон болоод ч тэрүүн аль дунд ангиасаа л эдгээр хичээлээ дурлаж хийдэг байсан. 10-р ангид орсноосоо хойш бүр их хичээж, судласан. Ойлгохгүй, мэдэхгүй зүйлдээ дандаа 'яагаад' гэсэн асуулт тавьж өөрөө ч эрж хайгаад, багш нарын араас зууралдаад өрөөнөөс нь салдаггүй байсан. Бүхий л уралдаан тэмцээн, олимпиадад нэрээ өгчихдөг байсан. Өмнөх оны ЭЕШ, даалгавар сангийн тест, анги дэвших шалгалт, улсын шалгалт, боловсролын яамны тест, номны тест, коронагийн үед орж байсан цахим хичээл гэх мэтчлэн бүх төрлийн даалгаврыг хийсэн. Тэрийг хэрэггүй хийж цаг алджээ гэж бодож байсан зүйл нэг ч байхгүй.
Бэлдэхдээ хувийн хэвшил, эрүүл мэндээ хэрхэн зохицуулсан бэ?
Хүний биологийн идэвхтэй цагаа тодорхоллох хэрэгтэй. Миний биологийн цаг өглөө эрт байсан. Бүтэн нойр хамгийн чухал. Хүний тархи яг сайн амардаг цаг нь 22.00-02.00 байдаг болохоор 22.00 цагаас өмнө унтаад 7-8 цагийн бүтэн нойр авчихвал шөнө 02.00 гэж унтаад 10-12 цаг унтсанаас ч илүү ажиллаж чаддаг. Нойр, хоол их чухал. Хичээл хийж байгаа үед их идэх, сахар их хэрэглэх ёстой хэрэггүй. Хоолоо шингээж, сахараа бууруулах гэж хамаг цус чинь ходоод гэдэснийхээ хэсэгт хэрэглэгдээд, тархинд чинь цусан хангамж ажиллахгүй болохоор сайн ажилладаггүй.
Эмчийн мэргэжилээр ирээдүйд ямар боломж байдаг гэж боддог вэ?
Энэ мэргэжлийн хажуугаар гадаад хэлэнд их дурлаж чадвал үнэхээр олон давуу талтай. Манай улсад л эмч, эмнэлгийн мэргэжилтэн үнэ цэнээ алдаад байгаа болохоос биш гадаад улс орнуудад энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлэх болон мэргэжлээрээ ажиллахад их олон боломж гардаг. Монголдоо ажилласан ч хүмүүс эрүүл мэнддээ анхаардаг болсон энэ цаг үед сурсан мэдсэнээ ашиглаж, зөв мэдлэг дадалд уриалж чадвал амьдрал болон карьерт олон боломж байгаа. Эмчийн мэргэжлийг эзэмшсэн тохиолдолд зөвхөн эмнэлгийн өрөөнд суугаад байхгүй анагаах ухааны технологи, судалгаа шинжилгээ, цаашлаад эмнэлгийн менежмент болон их сургуулийн багш болох гээд өргөн боломжийг олгодог.
Мэргэжлээ сонгохоос өмнө ямар асуулт өөртөө тавих хэрэгтэй гэж боддог вэ?
Хамгийн эхэнд би яг энэ мэргэжилд үнэхээр өөрөө дуртай юу, насаараа дурлаж өөрийн бие сэтгэлээ зориулж ажиллаж чадах уу гэж асуух хэрэгтэй. Дан ганц ар гэр юм уу ямарваа нэгэн хүний үгээр мэргэжлээ сонгох гэх зэрэг, өөрөө үнэхээр дурлаагүй бол гараас ерөөсөө юм гарахгүй. Дараагаар нь энэ чиглэл их олон жил сургалцдаг, цаг хугацаа их шаарддаг болохоор энэ урт хугацаанд би яг шантрахгүй суралцаж чадах уу гэж асуух хэрэгтэй. Сүүлд нь би үнэхээр хүний амьдралыг нэгт, өөрийхийгөө хоёрт тавиад эднийгээ эн тэнцүү зохицуулж амьдарч чадах уу гэж асуух хэрэгтэй.
Дахин сонгох боломж байсан бол энэ мэргэжлийг сонгох уу?
Тийм. Хэдийгээр цаг наргүй ажиллаж, завсаргүй уншиж судалж суралцах шаардлагатай, зарим тохиолдолд хэчнээн хичээсэн ч сөрөг үр дагаврыг мэдрэх, мөн их том хариуцлагыг үүрч ямар ч алдаа гаргах эрхгүй ажилладаг нь зарим талаар хүндрэл дагуулдаг ч, эрүүл мэндийн талаар хүмүүст хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөг өгөөд үүнээсээ үр дүнг нь мэдрэх нь тааламжтай. Бас өөрийгөө хэзээ ч чаддаг мэддэг гэж бардахгүй байх л хэрэгтэй.
Шинэчилсэн: 2026.08.01

Хариултууд нь 2026 онд AШУҮИС-ийн Хүний их эмчийн 2-р дамжааны оюутан Өүлэнгийн өгсөн бодит ярилцлагын тэмдэглэлээс гарсан.

Бүх эх сурвалж

Шинэчилсэн: 2026.08.25